avatar

Дээд боловсрол

2010-05-28,12:55

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛ

 

Дээд боловсролын тогтолцоо

 

          Дээд боловсролын тогтолцоо нь удирдлагын хувьд захиргааны ба мэргэжлийн, үйл ажиллагааны хувьд сургалтын байгууллага (сургууль) ба хяналтын байгууллагаас бүрдэнэ.

        Дээд боловсролын захиргааны дээд удирдлага нь төрийн захиргааны төв байгууллага (БСШУЯ), сургуулийн түвшинд Удирдах зөвлөл болно. Сургуулийн өдөр дутмын үйл ажиллагааг үүсгэн байгуулагчийн томилсон захирал удирдана. Мэргэжлийн удирдлагыг тухайн сургуулийн профессор, багш нарын төлөөллөөс бүрдэх Эрдмийн зөвлөл (коллежид Аргазүйн зөвлөл) хэрэгжүүлнэ. 

 

          Дээд боловсрол олгох үйл ажиллагаанд тавих нийтлэг шаардлага, хуулиар тогтоосон хэм хэмжээ болон холбогдох стандартын хэрэгжилтийг хянах чиг үүргийг Улсын мэргэжлийн хяналтын алба, түүний орон нутаг дахь бүтцийн байцаагч нар хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санаачлан явуулдаг аттестатчилал, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн хэрэгжүүлдэг сургуулийн болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл нь сургалтын үйл ажиллагаанд тавих чанарын хөндлөнгийн хяналтын хэрэгслүүд болно.

 

Дээд боловсролын сургалтын байгууллагууд

 

          Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллежээс бүрдэнэ. Боловсролын тухай хуульд 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулах хүртэл боловсролын сургалтын байгууллага нь ашгийн төлөө бус статустай байхаар хуульчлагдсан (1998 онд оруулсан өөрчлөлтөөр ашгийн төлөө сургууль байж болох нөхцөл 2002 он хүртэл үйлчилж байв) байв. 2006 оноос сургууль нь ашгийн төлөө статустай байж болохоор хуульчилсан.  

          2008-2009 оны хичээлийн жилийн эхээр ирүүлсэн мэдээгээр дээд боловсролын сургалтын 151 байгууллага (бие даасан сургууль болон тэдгээрийн салбар, бие даасан харьяа сургуулийг оролцуулан) ажиллаж байна. Эдгээрийг суралцагчдын тоо, өмчийн хэлбэрээр нь дараах хүснэгтэд харуулав (хүснэгт 1):   husnegt1.jpg  

Жич: * Тусгай зөвшөөрлийг нь албан ёсоор цуцлаагүй боловч Замбуулин, Хасагт Хайрхан, Монгол Эрдэм сургуулиудад суралцагч байгаа тухай мэдээлэл ирээгүй тул энэ мэдээнд ороогүй болно.

Хүснэгт 2. 2000 оноос хойш дээд боловсролын сургалтын байгууллагын бүрэлдэхүүнд гарсан 
husnegt1_1.jpg
  

 Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2004 оны 140, 238 дугаар тушаалаар сургуулиудын ангиллыг тогтоосноор авав. Ховд Их сургуулийн ангиллыг Гадаадын сургуулиудын салбарыг энэхүү ангилалд хамааруулаагүй байна.

** Нийт сургуулийн тоонд оюутан суралцуулж байгаа тухай мэдээ ирүүлээгүй 3 сургуулийг оруулаагүй болно.

  husnegt2.jpg 

Суралцагчдын 60.1 хувь нь эмэгтэй, 90.1 % нь бакалаврын, 5.9 % нь магистрын, 1.4 % нь докторантурын, 2.6 % нь дипломын дээд боловсрол олгох ангид суралцаж байна. Сурах хэлбэрийн хувьд өдрийн ангид суралцагчид нийт суралцагчдын 90.5 %-ийг эзэлж байна. Орой, эчнээ хэлбэрээр суралцаж буй хүмүүсийн хувийн жинг хүснэгт 3-д үзүүлэв.

  husnegt3.jpg  

Хүснэгт 4-д дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдыг сурч буй мэргэжлийн чиглэлээр нь хөтөлбөрийн түвшнээр нь харуулав. Хүснэгтийн сүүлийн багана нь нийт суралцагчдын дотор тодорхой чиглэлээр суралцагчдын хувийн жинг үзүүлсэн. Дипломын дээд боловсрол олгох ангид харьцангуй цөөн буюу 2.6 % нь суралцаж байна. Хүмүүнлэгийн (8.6%) болон нийгмийн ухааны (37.0%) чиглэлээр суралцагчид 45.6 %-ийг эзэлж байна. Эдгээрийн 50 орчим хувь нь төрийн бус өмчийн сургуульд, 51,2 % нь (нийт суралцагчийн 30.6%) бизнесийн удирдлага, эдийн засгийн мэргэжлээр суралцаж байна. Харин байгалийн ухааны чиглэлээр суралцагчид 6.7 %, техник, технологийн чиглэлээр суралцагчид 16.9 % болж байгаа нь 2005-2009 оны хичээлийн жилийнхээс 4,860-аар олон байна.

  husnegt4.jpg 

       Өдрийн ангид бакалаврын хөтөлбөрт 131,969 оюутан суралцаж буй нь 18-23 настай иргэдийн 35.3% (Gross Enrollment Ratio буюу хамран сургалт) болж байна. 2008 онд ерөнхий боловсролын сургууль төгсгөгчдөөс 35,338 хүүхэд элссэн нь 18 настай иргэдийн 58.3% болж байна.

       Дээд боловсролын сургууль төгсгөгчдийн ажил эрхлэлтийн байдлыг сургуулиудаас ирүүлсэн мэдээгээр авч байна.

  
husnegt5.jpg 

Манай их, дээд сургууль, коллежид 2007-2008 оны хичээлийн жилд гадаадын 28 орноос 1207 хүн ирж суралцсаны 952 нь бакалаврын, 132 нь магистрын, 24 нь докторын хөтөлбөрт сурсан байна. Эдгээр суралцагчийн 148 нь засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу манай Засгийн газрын тэтгэлэгээр, 78 нь ямар нэг байгууллагын зардлаар, 22 нь өөрийнхөө орны тэтгэлэгээр, 958 нь хувийнхаа зардлаар сурсан байна. Хамгийн олон суралцагч ОХУ (519 суралцагч), БНХАУ (406), БНСУ (130), Турк (51), Япон (20), Вьетнам (1Cool-аас ирсэн байна. Гадаадын суралцагч хамгийн олноор МУИС (319), Плехановын нэрэмжит Эдийн засгийн академийн салбар (160), Эм-Ай-Юу (141), Боловсролын Их сургууль (71)-д сурсан байна.

 

Сургалтын зохион байгуулалт

 

Манай оронд дээд боловсрол олгох сургалт нь кредит цагт суурилсан дипломын дээд боловсрол, бакалаврын, магистрын, докторын гэсэн 4 түвшинтэй. Үүнээс эхний 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлэх дипломын дээд боловсролыг багш, анагаах, хөдөө аж ахуй, техник, механикийн мэргэжлээр тусгай дунд боловсрол олгож байсан туршлагад үндэслэн цөөн хэмжээгээр олгож байна. Энэ нь бусад оронд олгож буй associate degree-тэй ямар нэг хэмжээгээр дүйцүүлэх боломжтой, сүүлийн үед эрэлт нь ихээхэн нэмэгдэж байгаа боловсрол болно. Дээд боловсролын сургалтын зохион байгуулалтыг дараах хүснэгтэд үзүүлэв (хүснэгт 6).

 

 

husnegt6.jpg

 

Дээд боловсролын сургалтын төлөвлөгөөг холбогдох тэнхмийн хэмжээнд боловсруулж сургуулийн эрдмийн зөвлөл хянан, БСШУЯ зөвшөөрсний үндсэн дээр захирал батламжлан мөрддөг. Сургалт явуулах мэргэжлийн индексийг БСШУЯ баталдаг. Шинжлэх ухааны хөгжлийн хандлага, дээд боловсролын мэргэжлийн зах зээлийн эрэлтэд гарч буй өөрчлөлтийг тусган шинэ мэргэжил үүсгэх, нээх үндэслэлийг тэнхим, сургуулийн хэмжээнд боловсруулж, сургуулийн түвшинд баталгаажуулан мөрдөх боломжтой.

   zur.jpg

Дээд боловсролын хөтөлбөрт бүрэн дунд боловсролтой иргэдийг элсүүлэн сургадаг. Бакалаврын түвшний сургалтанд өдрийн ангид элсэгчдээс ерөнхий боловсролын мэдлэг, сурах чадварыг нь үнэлэх Ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд Боловсролын үнэлгээний төв (БҮТ) зохион байгуулан авч байна (2006 оноос). Сургуулиуд энэхүү Ерөнхий шалгалтын үнэлгээгээр өөрсдийн оюутан элсүүлэх “босго оноо”-г тогтоож, бусад нэмэлт шаардлагыг хамтатган сонгон  шалгаруулалт хийх замаар элсүүлдэг. Сургуулиудад элссэн оюутны ерөнхий шалгалтын дундаж онооны байдалд БҮТ-өөс 2007 онд хийсэн судалгаанд 73 сургууль хамрагджээ.  Эдгээрээс СЭЗДС, МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХҮДС ерөнхий шалгалтанд хамгийн өндөр оноо авсан хүмүүсийг элсүүлжээ. Элсэгчдийнх нь ерөнхий шалгалтын дундаж оноо хамгийн өндөр сургуулиуд МУИС – 705, СЭЗДС – 700, ШУТИС – 686, ЭМШУИС – 630, ХҮДС – 610 байсан (ерөнхий шалгалтанд авч болох дээд оноо 800, дундаж нь 500 болно).

 

Нийт их, дээд сургууль, коллежид 2007-2008 оны хичээлийн жилд 6892 багш үндсэн орон тоогоор, 1842 багш цагаар хичээл заасан байна. Үндсэн багшийн 21% нь докторын, 66% нь магистрын зэрэгтэй,   33% нь 30-аас доош насны, 45% нь 30-50 настай, 8% нь 60 ба түүнээс өндөр настай байв. 9% нь профессор, 13% нь дэд профессор, 22% нь ахлах багшийн албан тушаалд ажилласан, 30% нь 5 хүртэл жил, 22% нь 6-10 жил, 14% нь 11-15 жил, 16% нь 25-аас дээш жил ажиллаж байгаа багш нар байв.

 

Санхүүжилт, хөрөнгө оруулалт

         

          Дээд боловсрол нь 1993 оноос төлбөртэй сургалтын зарчимд шилжсэн. 1995 онд батлагдсан боловсролын хуульд энэ зарчмыг хуульчлан, сургуулийн санхүүжилтийн эх үүсвэр нь сургалтын төлбөр, өөрийн үйл ажиллагааны орлого, хандив тусламжаас бүрдэж байхаар тогтоосон. Төрийн өмчийн сургуулиудын хувьд тогтмол зардлыг (эхний үед суралцагчдын тооноос үл хамаарах бүх зардлыг тогтмол зардал хэмээн тооцож байсан бол одоо цахилгаан, халаалт, цэвэр, бохир усны зардлыг үүнд хамруулж байна) улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан. Сургууль үндсэн үйл ажиллагаагаа явуулахад шаардлагатай хөрөнгийг үүсгэн байгуулагч нь бүрдүүлэх үүрэгтэй.

          Сургуулийн төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын нийт санхүүжилт 2008 онд 47.0 тэрбум төгрөг, үүний 3.2 тэрбумыг төрөөс тогтмол зардалд олгосон. 2009 онд эдгээр сургуулийн төсвийн нийт хэмжээ 63 тэрбум, үүний 4.4 тэрбумыг төрөөс тогтмол зардал болон нэг удаагийн мөнгөн тэтгэмжид олгохоор төсөвт туссан байна.

          Суралцагчдад зориулан сургалтын төрийн сангаас 2008 онд 21.3 тэрбум төгрөгийн зээл, буцалтгүй тусламж үзүүлсэн нь 43,378 суралцагч нэг бүрд дунджаар 490.0 мянган төгрөг болж байна. Буцалтгүй тусламжийг бүтэн өнчин, 500-гаас цөөн малтай малчин өрхийн суралцагч, нэг гэр бүлээс 3-аас олон оюутан зэрэг суралцаж байгаа, улсын хэмжээний олимпиадад эхний 3 байрт шалгарагчид болон Төрийн албаны тухай хуулийн заалтын дагуу төрийн албан хаагчийн нэг хүүхдийн сургалтын төлбөрийн жишиг хэмжээгээр олгож ирсэн. Харин орлого багатай суралцагчдад сургалтын зээлийг олгож байна. Нэг суралцагчид  дээд тал нь 650.0 мянган төгрөгийн тусламж үзүүлж байгаа нь сургалтын төлбөрийн 90 % болж байна. Харин 2008 оны 9 дүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Сангийн сайдын хамтарсан 451/318 дугаар тушаалаар бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч болон олон улсын олимпиадад амжилттай оролцсон суралцагчдад олгох санхүүжилтийн хэмжээг тухайн сургуулийн Удирдах зөвлөлийн саналыг үндэслэн тогтоохоор заасан болно.

  husnegt7.jpg

2008-2009 оны хичээлийн жилд төрийн өмчийн сургуулийн сургалтын төлбөрийн дундаж хэмжээ 720.0 мянган төгрөг байна. Төрийн бус өмчийн сургуулийн сургалтын төлбөр дунджаар 700.0 мянган төгрөг байна. Үүнээс үзэхэд сургалтын төлбөрийн хэмжээ нийт сургуулиудад ойролцоогоор ижил байна. Сургуулийн үйл ажиллагааны санхүүжилтийн үндсэн (олон тохиолодолд цорын ганц) эх сурвалж нь сургалтын төлбөр болохыг тооцвол энэхүү сургалтын төлбөрийн хэмжээ нь нэг оюутныг нэг жил суралцуулахад гаргаж буй зардлын дундаж хэмжээг илэрхийлж байна хэмээн үзэж болно.  

 

Хүснэгт 7-д үзүүлсэн мэдээгээр суралцагчдын ихээхэн хэсэг нь төлбөрөө төлдөггүй байна. Тухайлбал, 2006-2007 оны хичээлийн жилд 53,470 суралцагч буюу нийт суралцагчийн 37.5% нь, 2007-2008 оны хичээлийн жилд 59,343 буюу 39.5% нь төлбөрөө төлөөгүй. Үүний дээр Сургалтын төрийн сангаар дамжуулан өгч буй сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж  нь сургалтын жинхэнэ төлбөрийн 60 орчим хувьтай тэнцдэг, үлдэх зөрүүг суралцагч өөрөө төлөх үүрэгтэй боловч энэ үүргээ тэр бүр биелүүлдэггүйг тооцвол нэг суралцагчид зарцуулж буй мөнгөний бодит хэмжээ тогтоосон сургалтын төлбөрийн хэмжээнээс бага байх магадлалтай болно.       

 

2007 оны гүйцэтгэлээр нийт их, дээд сургууль, коллежийн зардлын санхүүжилт 67.3 тэрбум төгрөг, үүний 4.3 тэрбум нь төрийн өмчийн сургуулиудад улсын төсвөөс өгсөн санхүүжилт, 5.3 тэрбум нь Сургалтын төрийн сангаас суралцагчдад олгосон зээл, тусламж, 48.5 тэрбум (72%) нь суралцагчдын төлсөн сургалтын төлбөр, 3.2 тэрбум нь туслах үйл ажиллагааны орлого, 1.8 тэрбум нь хандив, тусламжаас бүрдсэн байна. Энэхүү санхүүжилтийн 59.2 тэрбумыг зарцуулсны 27.7 (46.8%) тэрбумыг үндсэн ба нэмэгдэл цалин хөлсөнд, 4.9 тэрбумыг багш, ажилтнуудын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд төлжээ. Гэрэл, цахилгаан, халаалт, түлшинд 3.8 тэрбум төгрөг зарцуулсан байна. 2007-2008 оны хичээлийн жилд эдгээр сургуульд 12,492 хүн ажиллаж байсан нь тус салбар томоохон ажил олгогч болохыг илэрхийлнэ.

 

2007 онд нийт их, дээд сургууль, коллежид 11.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний 8.6 тэрбум нь барилга байгууламж, 1.8 тэрбум нь тоног төхөөрөмж, 1.0 тэрбум орчим нь их засварт зарцуулагдсан байна. Нийтдээ их, дээд сургууль, коллежид 129.3 тэрбум төгрөгийн үндсэн (101.6 тэрбум буюу 78.6%) ба эргэлтийн хөрөнгө (27.7 тэрбум буюу 21.4%) бүрдсэн байна.


  husnegt8.jpg

 

Чанарын хяналт, үнэлгээ

 

Сургуулиудын бие даасан байдлыг нэмэгдүүлсэн, сургуулиудын тоо олширсон нь тэдний үйл ажиллагааны чанарыг хянах шинэ тогтолцоо бүрдүүлэхийг шаардсан. Энэхүү тогтолцоо нь сургуулийнөөрийн дотоодын ба хөндлөнгийн, сургалт эхлэхийн өмнө, явцад, үр дүнд тавих хяналтаас бүрдэж байна.

  Аливаа сургалтын үйл ажиллагааг эхлэхийн өмнө үүсгэн байгуулагч нь яамнаас тогтоосон шаардлагыг хангасан байх үүрэгтэй. Энэ нь сургалт явуулахад шаардлагатай зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багшлах бүрэлдэхүүн, мэдээллийн сан, удирдлагын бүтцийг бүрдүүлсэн байх ёстой. Үүнийг лицензийн зөвшөөрөл олгох шатны хяналт гэж үзэж болно. Харин энэ үүргийг сургалт эхэлсэнээс хойш тодорхой хугацаанд бүрэн бүрдүүлнэ гэсэн баталгаанд үндэслэн үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөл олгох тохиолдол нэлээд гарсан байна.

  Сургууль үйл ажиллагаагаа эхэлсэний дараа явцад нь улсын мэргэжлийн хяналт, яамнаас санаачлан зохион байгуулдаг аттестатчилал, сургууль өөрийн санаачилгаар хийлгэдэг магадлан итгэмжлэл нь чанарын хөндлөнгийн үнэлгээний хэрэгслүүд болно. Эдгээр үнэлгээ нь яамнаас тогтоосон тусгай зөвшөөрлийн хяналтын үзүүлэлтээр тодорхойлогдох нийтлэг шаардлага-стандартын хэрэгжилтийг шалган үнэлж буй хэлбэр юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд түвшинд тавих эдгээр шаардлагуудыг 2006 онд шинэчлэн тогтоож, сургуулиудыг 2009 оны 9 дүгээр сарын 1 хүртэл хугацаанд энэ түвшинд хүрсэн байх шаардлага тавин ажиллаж байна. Сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг шинэчлэн, сургалтын үндсэн үйл ажиллагаа тасалдалгүй, бүрэн, чанартай явж байгаа эсэхэд дүгнэлт гаргахад зорьж байна. 2008 онд нийт 15 дээд боловсролын байгууллагыг аттестатчилалд хамруулснаас 8 нь атестатчиллалд тэнцээгүй гэсэн дүгнэлт авсан байна. Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд элсэлтийг нь зогсоох, хугацаа тогтоож үүрэг даалгавар өгөх зэргээр хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгож байна. Дээр дурдсан арга хэмжээний дүнд сургалтын үйл ажиллагааны чанарыг сайжруулах эрмэлзэл санаачилга мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа гэдгийг тэмдэглэж байна.

  Харин магадлан итгэмжлэл нь зөвхөн үнэлгээ төдийгүй, сургуулийн үйл ажиллагааг сайжруулахад тустай мэргэжлийн зөвлөгөө өгч, сургуульд тусламж үзүүлэх зорилгоороо аттестатчиллаас ялгаатай. Магадлан итгэмжлэл нь дээд боловсролын байгууллагын үнэлгээ, сургалтын хөтөлбөрийн үнэлгээ гэсэн 2 хэлбэртэй. 1999 оноос хойш 86 сургуульд байгууллагын магадлан итгэмжлэл, 20 хөтөлбөрт сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийсэн байна. 2009 оноос зарим түгээмэл мэргэжлийн хөтөлбөрийг (эдийн засаг, бизнесийн удирдлага, англи хэл, мэдээллийн технологи, математик, физик, биологи, химийн хөтөлбөрүүд эхний ээлжинд) олон улсын нэр хүндтэй байгууллагын магадлан итгэмжлэл хийлгэхээр бэлтгэлийг хангуулж байна. Ингэснээр манай хөтөлбөрүүд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл бүрдэнэ. Энэ нь олон улсын хэмжээний чанарын баталгаанд шилжих эхлэл болно. 

  Сургууль дотооддоо багш нарын аттестатчилал, үечилсэн шалгалт, шат шатны тайлангийн хэлбэрээр чанарын дотоод хяналтаа хэрэгжүүлдэг. Ойрын үед сургууль хооронд кредитийг шилжүүлэн тооцох, дүйцүүлэх нийтлэг журмыг тогтоохоор бэлтгэж байна. Энэ нь сургууль дундын зохицуулалтын механизмаар дамжуулан сургалтын чанарыг үнэлэх, хянах процессийн үр нөлөөг сайжруулна. Мөн сургууль дээрх зарим үйлчилгээг стандартчилах, ISO-гийн стандартаар баталгаажуулах санаачилгыг эхлүүлнэ. Нэн түрүүнд номын сангийн үйлчилгээг ийм стандартад хүргэн баталгаажуулах болно.

  Дээр дурдсанаас дутахгүй нөлөөтэй чанарын хяналт бол суралцагчдын сонголт юм. Үүний тулд сургуулиудын үйл ажиллагаанд холбогдох мэдээллийг нийтэд хүртээмжтэй болгох замаар хэрэглэгчид ухамсартай, оновчтой сонголт хийхэд туслах болно. Юуны өмнө сургуулийн орчин, төгсгөгчдийн ажил эрхлэлт, багш нарын бүрэлдэхүүний талаар боломжтой бүх мэдээллийг хэвлэмэл болон он-лайн хэлбэрээр түгээнэ. Мөн дээр дурдсанчлан сургуулиудын рейтинг тогтоох, зэрэглэх ажлыг олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгдэж буй аргачлалын дагуу зохион байгуулж, дүнг нийтэд мэдээлж байх болно.  

  Ийнхүү манай орны дээд боловсролд чанарын хяналт, баталгаажуулалтын олон төрлийн практик нэвтэрч байгаа боловч хараахан бүрэн төлөвшөөгүй байна. Үүнийг сайжруулахад манай хөгжлийг дэмжигч хандивлагчдын тусламжийг авах шаардлагатай болно.  

 

Хэрэгжсэн төсөл, хөтөлбөр

              Дээд боловсролын хүрээнд сүүлийн жилүүдэд хийсэн өөрчлөлтийг төр, засгаас дэмжсэн гол хэлбэр нь нэгдсэн зохицуулалтыг шинэчлэх, сургууль, ажиллагчдын санаачлагыг чөлөөтэй өрнүүлэхэд чиглэж байв. Харин шууд хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдээгүй байна.

              1990 оноос хойш дээд боловсролын шинэчлэлийн асуудлаар олон улсын байгууллага, гадаадын хандивлагчдын тусламж дэмжлэгтэй хэрэгжсэн гол арга хэмжээг дурдвал:

 ХБНГУ-ын Ректоруудын бага хурал, Монголын Их, дээд сургуулийн захирлуудын зөвлөл хамтран зохион байгуулсан цуврал хурал, семинар (1990-1994)Улсын Бага хурлын Дээд боловсролын шинэчлэлийн комиссоос ЮНЕСКО-гийн ивээл дор зохион байгуулсан “Дээд боловсролын шинэчлэл” бага хурал (1993)АНУ-ын Мэдээллийн агентлагийн тусламжаар хэрэгжсэн “Иргэний солилцоо” хөтөлбөр (1992-1994): шинэчлэлийн удирдлагын чадавхи бүрдүүлэхАХБ-ны тусламжаар хэрэгжсэн Монголын боловсрол, хүний хүчин зүйлийн салбарын судалгаа, мастер төлөвлөгөө (1993-1994)АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжсэн Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр(1997-2002): дээд боловсролын төлөвлөлт, санхүүжилт, магадлан итгэмжлэл, хөтөлбөрийн удирдлагаДэлхийн банкны тусламжаар хэрэгжсэн Санхүү-эдийн засгийн дээд сургуулийг төрийн бум байгууллага болгон хувиргах менежментийн хувьчлалын туршилтын төсөл (1997-1998)Их, дээд сургуулийн хамтын ажиллагаа, түншлэлийг дэмжсэн Европын холбооны ТАСИС/ТЕМПУС хөтөлбөр (1996-2004): МУИС, ШУТИС, БИС, ХҮДС, ЭМШУИС Соросын сангийн Дээд боловсролыг дэмжих хөтөлбөр (1996-)

 

              Эдгээрийн зэрэгцээ манай сургуулиуд гадаадын их, дээд сургуулиудтай шууд харилцаж хамтран ажиллах нь ихээхэн өргөжсөн. Тухайлбал, 2008 оны 10 дугаар сарын байдлаар МУИС 20 гаруй орны 140, ШУТИС 20 гаруй орны 140, ЭМШУИС 19 орны 120, ХААИС 16 орны 70 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, багш, судлаач, оюутан солилцох, хамтарсан хөтөлбөр, хамтын судалгааны төсөл хэрэгжүүлэх, тоног төхөөрөмжийн дэмжлэг авах нь нэмэгдсэн байна.   

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН ГАЗАР

 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:

Уншмаар л байна. Хар суурин дээр бичсэнийг унших гэж хэсэг хичээсэн ч нүдээ хайрлаад болив whew!
Бичсэн: Mama хэзээ: 22:37, 2010-05-28 | Холбоос | |



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax