avatar

Египетийн пирамидууд

2010-06-01,15:06
https://legion.blogmn.net/

Жуулчид Египетийн Гизе дэх цац суваргуудыг хараад гайхаж бишрэхгүй байх аргагүй тийм байдалд ордог.

Байгаль хамгаалал
Ой модоо хайрлан хамгаалъяwww.ena-fleg-mongolia.mn Banjig.Net дахь олон нийтийн сурталчилгаа

Пирамидууд хэдэн мянган жил энэ л хэвээрээ байж, өөрийн түүхээ өгүүлэн зогссоор байна.

19-р зууны эхээр цац суварга дотор орсон археологчидийн сэтгэл хэчнээн их догдолж байсныг өнөөгийн жуулчидтай зүйрлэхийн аргагүй бизээ.

Тэдний өмнө хэдэн мянган жилийн түүх сөхөгдөн, ирээдүйд олдох олдвор, ухаж гаргах булш бунхан, эртний Мисир орны бичээсийг тайлж унших гээд олон ажлууд эдгээр цац суваргууд харагдаж байгаагаасаа илүү гайхалтайг дэлгэх байв.

Бусад хүмүүс чулуун зэвсгийн үед амьдарч байхад Нил мөрний эргийн энэ нутагт соёл иргэншил соёолж эхэлжээ.

Бидний үед уламжлагдан ирсэн эдгээр цац суваргууд тэр үеийн амьдралын гайхалтай түүхийг хүүрнэж байдаг.

Өнөө үед Египетэд 100 орчим том жижиг цац суварга бий. Эртний Египетийн тухай сонирхдоггүй хүмүүс эдгээрийн ихэнхийг мэддэггүй.

Цац суваргуудын олонхыг “дунд хаадын” гэж нэрлэгддэг үед барьж босгожээ.

Шинэ хаадын үеийн хамгийн эхний хаанд цац суварга бариулсны дараа энэ уламжлалаасаа татгалзсан байна.

Ахсоме фараоны дараагийн фараонууд цац суварган бунхан бариулах ажлыг зогсоожээ.

Үүнд олон зүйл нөлөөлсөн гэдэг. Цац суварга барих нь маш удаан үргэлжилдэг хүнд хэцүү ажил бөгөөд их хэмжээний хөрөнгө баялаг шаардлагатай ажээ.

Үүнээс гадна тэр үед ч булш ухан тоногчид байсан бөгөөд хэчнээн их хамгаалж байсан ч боломж олдсон даруйд фараоны эрдэнэсийн санг тонож дээрэмддэг байлаа.

Фараонууд цац суварга бариулахаа больсон ч зарим нэг баян, дээд тушаалын хүмүүс өөрсдөдөө зориулан багахан хэмжээний цац суварга босгуулсаар байв.

Египетийн өмнө талд орших Нубид ч цац суварга бариулах уламжлал дэлгэрсэн байна. Тэд Египетийнх шиг том биш ч маш олон тооны цац суварга барьжээ.

Мастаба-гаас зөв цац суварга хүртэл


Цац суварга бол улс орноо бурхны хүч чадлаар харж хамгаалж байдаг фараонууд үхэшгүй мөнх байдаг гэдэгт ард түмнийг итгүүлэх нэг арга байсан гэж үздэг.

Түүнээс өмнө Зосер фараоны мастаба (том хэмжээтэй бунхан) шиг зүйлийг босгодог байв. Мастаба нь тоосго буюу чулуугаар барьсан, шаталсан товцгууд юм. Фараон Зосер мастаба бариулснаараа хиймэл уул буюу хүний гараар бүтээсэн бас нэгэн гайхамшиг босгосон юм.

Эдгээр мастаба-г цаг хугацаа өнгөрөх тусам улам боловсронгуй болгосоор өнөөгийн цац суваргын хэлбэртэй болжээ. Эцэст нь Гизе дэх аварга том байгууламжуудыг барьсан нь Египет дэх хамгийн алдартай Пирамид болжээ.

Эдгээрийг бариулахын тулд маш олон хүн хөдөлмөрлөжээ. Кеопс, Кефрен, Микеринос гэдэг фараонуудад зориулан босгосон цац суваргуудын өмнө аварга том Сфинкс баримал байдаг.

Хүний нүүртэй, арслан толгойтой Сфинксүүд цац суваргуудыг хамгаалдаг гэж үздэг ажээ. Мөн домгоос үзвэл Сфинксийн царайг Микеринос фараоны нүүрийг дуурайлган хийсэн гэдэг.

Хуфу фараоны буюу Грекчүүдийн Кеопс гэж нэрлэдэг цац суваргын суурь нь 5 гектар талбайг эзэлдэг бөгөөд ойролцоогоор 150м өндөр юм.

Энэ бол тухайн нутаг дахь хамгийн том цац суварга. Алдарт түүхч Геродотын тэмдэглэн үлдээснээр уг цац суваргыг байгуулах бэлтгэл ажлыг 10 жил хийж, хэдэн мянган тонн жинтэй чулуун хавтангуудыг байрлуулахын тулд 20 жилийг зарцуулжээ.

Ажилчид том, чулуун хавтангуудыг олсоор оосорлон модон дээгүүр өнхрүүлэн, налуу хавтгайгаар дээш зөөдөг байв. Чулуун хавтангуудыг холоос голоор хөлөг онгоцоор эсвэл газраар чаргаар зөөж авчирчээ.

Эдгээр том чулуунуудыг холоос авчраагүй. Эдгээр байгууламжийг бүтээх ажил хүний хүчнээс хэтэрсэн гэж үздэг хүмүүс ч байдаг.

Мөн цац суваргуудыг харь гаригийн оюун ухаантнууд барьж босгосон гэж үздэг хүмүүс ч бий. Сүүлийн үеийн судалгаагаар цац суваргуудын ойролцоо газраас олдсон эртний чулуу бэлтгэх газрууд аварга том чулуун хавтангуудын их холоос авчраагүйг баталж байгаа юм.

Цац суваргуудад фараоны нас барсны дараа хэрэг болох эд зүйлс хийдэг байжээ. Эдгээр үнэ цэнэтэй зүйлс нь нөгөө ертөнцөд ч өмнөх шигээ амьдрахад нь тус болно гэж итгэдэг тулд хийдэг байжээ.

Зарим фараонд ганцхан цац суварга хангалтгүй байжээ. Хаадын угсааны дөрөв дэх гэр бүлийн анхны фараон Снефру өөртөө 3 цац суварга бариулжээ.

Снефру фараон маш чадварлаг инженер байсан ажээ. Шаталсан цац суваргаас зөв хэлбэртэй цац суваргад шилжихэд түүний оролцоо их байсан бөгөөд түүний хаанчлалын үед цац суваргууд өнөөгийнхөө хэлбэрт орсон юм.

Цац суваргын эрин үеийн төгсгөл

Цац суваргын өөр нэг зорилго нь нөгөө ертөнц рүү явсан фараоныг хүндэтгэхийг үл мэдэгч булш ухагчдаас хамгаалах байв.

Булш ухагчид фараонуудын үеэс өнөөг хүртэл байсаар байна. Археологчид цац суваргад ороод тамга тэмдэг нь хөндөгдөн, үнэтэй эд зүйлсийг нь тонож цөлмөсөн байсныг харжээ. Зарим бунханд хэдэн зууны туршид хэд хэдэн удаа орж байжээ.

Авирахын аргагүй ханатай, дотроо толгой эргүүлэм бүтэцтэй, хамгаалалтын систем нь цац суваргыг хамгаалж байсан ч нөгөө талаас “Миний дотор тайлах шаардлагатай нууц, үнэт баялаг байна” хэмээн даллан дуудаж байлаа.

Английн археологч Ховард Картерийн олсон, одоо дэлхий даяар мэдэх болсон Тутанкамон фараоны үед цац суварга барьдаггүй байжээ.

Түүний булшийг нэгэн толгойн оройд газар ухаж бунхныг байрлуулсан байна. Энэ бунханд бие биетэйгээ холбоотой 4 өрөө байхыг Картер олжээ. Уг бунханд өмнө нь хэн ч орж байгаагүй тул огт хөндөгдөөгүй байжээ. Тиймээс үнэтэй эд зүйлс нь хэвээрээ байжээ.

Түүний бунхан болох 4 өрөө эрдэнэсээр дүүрэн байсан байна. Тутанхамон бараг хүүхдээрээ шахуу нас барсан тул өнөөгийн бидний мэдэх хаадынхтай харьцуулахад түүний хаанчлалын үеийн ул мөр үлдээгүй байна.

Бараг хүүхдээрээ шахуу нас ба нэг их нөлөөгүй түүний бунхан ийм их баялагтай байхад Гуфу, Пепи ба 2-р Рамзес зэрэг агуу фараонуудын сан хөмрөг хэчнээн гайхалтай байсныг тааж хэлэхэд бэрх юм.

Дэлхий дээр өөр өөр газар байгуулсан янз бүрийн цац суваргууд байдаг. Хятад болон Өмнөд Америкт цац суварга бий. Эдгээр цац суваргуудын гаднах байдал нь Египетийнхтэй төстэй боловч барьж байгуулсан ажиллагаа нь огт өөр юм.

“Хүмүүс эдгээр цац суваргыг яагаад барьсан юм бол?” гэж та асууж байгаа бол маш амархан. Хүн төрөлхтөн тэнгэр бурхантай ойр байхын тулд тэнгэр баганадсан барилга байгуулахыг хүсэж байв.

Тэр үеийн инженерийн ухаан өнөөгийнхийг гүйцэхгүй.

Барилга байгууламжинд нь өнөөгийнх шиг хайлш металл байсангүй.

Тиймээс ч Даацын баганы оронд өндөр барилгыг хүндийн жинг даахуйц өргөн суурь барих шаардлагатай болжээ. Цац суваргууд нь тухайн үеийнхээ тэнгэр баганадсан байгууламж байлаа.

“Хүн цаг хугацаанаас, харин цаг хугацаа цац суваргаас айдаг” гэсэн ардын үг байдаг байжээ. Хэдэн мянган жилийн турш элсэн цөлийн дунд байсаар ирсэн эдгээр аварга том барилгууд бидэнд өнгөрсөн түүхийн гайхамшгийг өгүүлсээр байна.

Зосер фараоны шаталсан мастаба

Микеринос фараон, Гизе дэх гүрван том пирамидийн нэгэнд хадгалагдаж байгаа.

Алдарт Сфиникс фараонуудын бунхныг хамгаалж байдаг. Сфиниксийн царайг Микеринос фараоныг дуурайлган хийсэн гэсэн яриа байдаг.



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax