avatar

Танихгүй эмэгтэйн захидал-3

2011-01-26,21:05
Өчигдөр миний хүү нас барлаа. Энэ хүү чиний хүүхэд байсан юм шүү. Үхэх гэж байгаа хүн худлаа хэлдэггүйг чи мэднэ шүү дээ. Хайрт минь энэ хүүхэд аз жаргалтай гурван шөнийн аль нэгэнд олдсон чиний хүүхэд гэдгийг тангараглая. Гэвч чи надаас айсандаа магадгүй гайхсандаа яагаад ийм олон жил юу ч хэлэлгүй байчихаад одоо түүнийг мөнхийн нойроороо нойрсож хэзээ ч эргэж ирэхгүй болчихсон хойно хүүгийн тухай ярьж байгаа билээ гэж асуух байх. Би чамд яаж хэлэх юм бэ? Дөнгөж гуравхан удаа уулзаж ямар ч эсэргүүцэлгүйгээр чамтай учирч нэрээ ч хэлээгүй танихгүй бүсгүй чамд үнэнч байж хүүхдийг чинь гаргасан гэхэд чи юу боллоо гэж итгэх юм бэ? Хэрвээ миний үгэнд итгээд нууцыг минь илрүүлж би чамтай холбоотой байж чи өөр хүний хүүхдийн төлөө санаа тавих хэрэгтэй болбол чи тийм байж чадах байсан гэж үү. Тэгсэн бол чи намайг сэжиглэж бидний дунд үл итгэхийн сүүдэр хүүшлэх байсан шүү дээ. Би үүнийг л хүсээгүй юм. Дараа нь би чамайг ойлгосон л доо. Чи өөрийгөө ч бараг мэддэггүй чамтай явж байсан хүүхнүүд хөнгөн сэтгэлтэй ийм тийм гэхгүй санаа амар бас тэгээд дурлалыг зугаа цэнгэл болгоод л өнгөрдөг байсан болохоор гэнэт хэн нэгний хувь заяанд холбогдож эцэг нэр зүүнэ гэдэг чамд бол бүтэшгүй зүйл гэдгийг ойлгосон юм.

Эрх дураараа танхил явж сурсан чи надад уягдчихсан юм шиг болох байсан. Тэгвэл магадгүй нэг цаг, хэдэн минут ч чи намайг үзэн ядах байсан. Би бодохдоо миний тухай бүх л амьдралынхаа турш сэтгэл зовж, түгшилгүй дурсаж яваг гэж бодсон юм. Би чамд тээр болоод яахав. Бүгдийг өөрөө үүрч өнгөрөөе гэж шийдсэн. Чамд дурладаг бүх хүүхнүүдийн дотроос үргэлж хайрлан санаж явах ганц хүүхэн чинь байхыг л хүссэн. Гэтэл чи намайг огт дурсаж санасангүй. Бүр мартчихсан байжээ. Гэвч хонгор минь би чамайг хэзээ ч буруутай гэж боддоггүй. Үгүй, буруушаагаагүй шүү? Үгсийн минь завсраар уй гашуу шүүрсэн байвал намайг өршөөгөөрэй. Лааны сүүмгэр гэрэлд алаг үр, чи бид хоёрын хөөрхий үрийн хүүр хэвтэж байна. Бурхан тэнгэр өөд “Алуурчин” гэж гараа зангаж байлаа. Ухаан бодол минь бүр эргэчихлээ. Тоочиж байгаа зовлонгий минь уучил, уучилж үз. Ингэж гомдож гашуудаж суугаа намайг уучилна биз. Чи цаанаа өрөвчхөн зөөлөн сэтгэлтэй хэнд ч тус болох хүн шүү. Зовлонд учирсан аль ч таних танихгүй хүн чам дээр очсон, тус болох сайхан санаатайг чинь би мэднээ. Тэр нь хойрго боловч дуртай хүн савныхаа хэмжээгээр хутган авч болох хэмжээгүй ихээ. Уучлаарай намайг, харин тэр чинь гуйлгуулж, гувшуулахыг хүлээж суудаг гэмтэй. Чи хүний туслаач гэж гуйсан, дуудсан цагт нь тус боллоо ч гэсэн хүнд тус болоход бэлэн байдаг сайндаа ч биш, харин айж ичсэндээ туслах хүн шүү дээ. Гачигдал зовлонд унасан хүнийг чи өөр шигээ эрх танхил аз жаргал эдэлж яваа хүнээс илүү өрөвдөхгүй. Чамд би үүнийг шууд хэлэх гэсэн юм. Чиний ижил ийм хүмүүсийн хамгийн сайхан санаатайгаас нь ч гуйхад хэцүү. Би жаахан байхдаа үүдэндээ юм гуйж ирсэн гуйлгачинд чиний юм өгч байхыг хаалганы завсраар нэг харсан. Чи түүнийг гуйхаас өмнө мөнгө гаргаж өгч байлаа. Их мөнгө өгсөөн. Гэвч чи түүнийг бушуухан нүд далд оруулах гэснээс өөр юмгүй байв. Чи тэр гуйлгачны нүүр өөд харахаасаа айж байх шиг санагдсан. Тэр гуйлгачинг талархлаа хэлэх гэхэд чи нүүрээ бушуухан буруулж байсныг би одоо мартдаггүй ээ. Ингээд л би чам дээр нэг ч удаа очоогүй юм даа. Намайг очсон бол туслахыг чинь сайн мэдэж байсан. Чи намайг тайтгаруулах байсан. Чи надад мөнгө ч өгөх байсан. Бүр их мөнгө өгөх байсан. Тэгэхдээ чи миний хүүг төрсөн үрээ гэж бодсондоо биш, харин энэ бузар булай амьтнаас яаж бушуухан салъя гэж хүссэндээ л тэгэх байсан шүү дээ. Тэр ч байтугай чи намайг хүүхдээ авахуул гэж лав гуйх байсан биз. Би чиний хэлсэнийг зөрчиж чадах уу? Үгүй? Яаж би чиний хэлсэн үгнээс гажих вэ? Энэ бүхэн намайг юунаас ч илүү айлгаж билээ. Аргагүй шүү дээ. Надад энэ хүүхдээс өөр харах хайрлах юм байсан биш дээ. Харин аварч чадаагүй энэ хүү минь чамтай адил сэтгэл хангалуун аз жаргалтай байж нэг ч үзээгүй нь мэдээж. Тэгэвч амьяас билэгт ухаант хүн чи миний амьдралд салшгүй, бие цогцост минь шингэсэн гэж ямагт бодож явдаг билээ. Тэгэхлээр эцсийн эцэст би чамайг биедээ тээж явсан юм шүү дээ. Сэтгэл санаа цангасан цагтаа янаглан таалж, үнсэн тэвэрч, ундлан хооллож, ухаан санаанд минь чи амьдран боловсорч яваа юм шиг бүх бие цогцсоороо чамайг мэдрэн амьсгалдаг байлаа. Хонгор минь ээ чиний хүүхдийг тээж яваа гэж санах болгондоо яагаад тийм баяр баясгалантай болдог байсны учир энэ ээ. Би чамаас нууж явсаны учир нь энэ ээ. Энэ хүүхэд чамайг үүрд авсантай адил байв. Хайрт минь ээ? Аз жаргалыг ухаан санаандаа төсөөлөн бодож явсан зөвхөн тэр сар жилүүдэд би зовж зүдрээд зогсоогүй ээ. Хүний бузар булай явдлаас ой гутаж, жигшиж, шаналж, тарчилж явсан удаа надад бас олон бий. Надад тун хэцүү байсаан. Бие давхар болсныг хамаатан садан маань мэдвэл эцэг эхэд маань захиа бичнэ гэж айгаад ажлаасаа арга буюу гарлаа. Эжийгээсээ мөнгө нэхээд ч яах вэ гэж бодоод үлдсэн бага зэрэг үнэт зүйлээсээ зарж түүнийхээ мөнгөөр амь зууж байлаа. Төрөхөөс минь долоохон хоногийн өмнө юм угаадаг хүүхэн үлдсэн хэдэн кроныг маань хулгайлсан учир арга буюу тэтгэврийн төрөх газар хэвтэх боллоо. Тэнд гашуун зовлонд нэрвэгдэж амьдрах арга тасарсан хамгийн ядуу, хамгийн шоовдор хүмүүс очдог байсан. Чиний хүү, миний хүү тэр гуйлгачдын дотор төрсөн. Тэтгэврийн газрыг одоо ч санахад аюултай байна. Адилхан хэвтэж байгаа мөртөө бие биеэ ад шоо үзэх, үзэн ядах нь хязгааргүй байлаа. Гэвч нийтийн зовлон бид бүхнийг цөмийг маань тэр өмхий балиар цус нөжтэй хутгалдсан орилон гаслангаар дүүрсэн явцуу бүгчим тасалгаанд хөөж аваачсан байлаа. Зол заяагүй хүн бүхэнд тохиолддог тэр бүх зан суртахуун, бие махбодын дарлал доромжлолыг би тэнд байгаа янхан хүүхнүүдийн адил амсаж байлаа. Тэдэнтэй яах аргагүй хамт байгаадаа гутарч гуньж, хөөрхий асрах хүнгүй хүүхнүүдийн хөнжлийг сөхөж биенд нь хүрч эрдэмтэн хүний хоосон дүр үзүүлэн инээлдэх залуу эмч нар болон сахигчдын өлсгөлөн нүднээс айж дальдардаг байлаа. Тэнд ичиж зовох гэдэг хүний ёсыг мэдэхээ байсан газар. Нэрий чинь бичсэн дөрвөлжин хавтас л чамаас үлдвэл гүйцэх нь тэр. Хэвтэж байгаа өвчтөнүүд, тэр эмч нарт зөвхөн нэг таталдсан нүцгэн хэсэг мах, үзэж судлахад зориулан тавьсан үзвэрийн юмнаас өөрцгүй байв. Орон гэртээ хайр халамжтай хар хүндээ хүүхэд төрүүлэн өгч байгаа хүүхнүүд бол бараг лабораторийн ширээн дээр шахам төрдөг ганц бие, өчүүхэн ч халамжлал үзээгүй тэр хөөрхий хүүхнүүдийг мэдэхгүй. Тэр байтугай ном уншиж суухад “там” гэдэг үг дайралдвал зовж зүдэрсэн, гаслан гинших, орилж бахирах, зэрлэг бүдүүлэг инээд ханиад өмхий самхай үнэр дүүрсэн тэр өрөө, тэр ой гутам бузар булай явдал өөрийн эрхгүй санагдах юм. Уучлаарай намайг. Би үүнийг анхны бөгөөд эцсийн удаагаа л хэллээ. Хэзээ ч дахиад би энэ тухайд ярихаасаа өнгөрлөө. Арван нэгэн жил би дуугүй явлаа. Одоо мөдхөн үүрд дуугүй болно. Тэгэхээр амьдралдаа ганц ч удаа болсон зориг гаргаж орон дээрээ амьгүй хэвтэж байгаа алаг үрээ, амьдралын минь аз жаргал гэгээн нар болж байсан энэ хүүхдийг ямар их үнээр олж авсанаа хэлэх эрхтэй биш үү? Би хүүгийнхээ инээн баясахыг харж суухдаа энэ бүхнийг аль хэдийн мартсан байж. Одоо хүүгээ үхүүлчихээр урьдын амсаж явсан сэтгэлийн зовлон дахин ирлээ. Энэ тухай би үглэн тоочихгүй байж чадахгүй ээ. Хүн байна, ганц удаа боловч санаа сэтгэлээ ярьж хөнгөлж болно биз дээ. Гэсэн ч чамайг харааж зэмлэхгүй. Харин бүх эдэлсэн зовлонгий минь ямар ч агуулгагүй болгосон тэнгэр бурхныг зэмлэн яллаж байна. Би чамайг яасан ч зэмлэхгүй, хичнээн гомдож байсан ч хэзээ ч би чамайг буруутан болгохгүй. Хүүхдээ гаргах гэж зовон тэлчилж хэвтэхдээ ч, ухаан алдтал өвдөж шаналж байхдаа ч чамайг нэг ч удаа харааж зэмлэж байгаагүйг минь бурхан гэрчилнэ. Чамд өгсөн сэтгэл зүрхээ хэзээ ч би харааж зүхэж байгаагүй ээ. Чамд цаг үргэлж хайрлан дурласаар, чамтай уулзсанаа ямагт хүндэтгэж явдаг. Харин гуйлгачны төрөхийн тэр аймшигт явдлууд дахин давтагддаг юм гэлээ, дараа нь эдлэх зовлонгоо мэдэж байлаа ч гэсэн чамтай тэгэж уулзахаар би дахиад л очих юм. Мянга дахин ч очихоос буцахгүй дээ хайрт минь. Хэзээ ч чиний мэдээгүй хөөрхий үр минь өчигдөрхөн нас барлаа. Хэзээ ч тохиодлын төдийд хоромхон зуур ч атугай чи төрсөн үрээ, цэцэглэж байсан тэр хөөрхөн амьтныг олж харахгүй. Би чамаас хүүгий чинь удаан хугацаагаар нууж явсан билээ. Одоо би чамдаа урьдынхаасаа ч илүүгээр хайрлан дурлаж байгаа юм шиг санагдах мөртөө энэ бүхэн миний тэсэшгүй зовлонг даанч хөнгөлж чадахгүй юм даа. Чам шиг аз жаргалтай хүний амьдрал надаас холуур өнгөрч би хоёр хүнд бус ганцхан хүүдээ, өөрийнхөө тэжээж өсгөх ёстой, тэврэн үнсч чадах ганц хүүдээ л өөрийгөө зориулахыг хүссэн юм. Би чамд дурласан сэтгэлээ буруутгалгүй харин ч хувь тавилангаас зайлсхийсэн мэт болж түүнээс хойш чи надад огт өөр хүн санагдаж, танай байшин руу ховорхон, дэндүү цөөхөн очдог болж билээ. Би харин жил бүр чиний төрсөн өдрөөр, бид хоёрын хамт өнгөрүүлсэн анхны шөнийн маргааш чиний надад бэлэглэсэн цагаан сарнайтай яг адил сарнайг чамд алгасалгүй илгээж байсан. Миний яг төрсөн өдрөөр, энэ сарнайнуудыг хэн надад хаанаас илгээгээд байна гэж арван гурван жил өнгөрөхөд ганц ч удаа болохноо өөрөөсөө асууж үзсэн үү? Хэн нэгэн бүсгүйд ийм цагаан сарнай бэлэглэснээ санасан ч байж магадгүй. Гэхдээ би хэзээ ч чиний хариултыг мэдэж чадахгүй л дээ. Жилд ганцхан удаа чамд цагаан сарнай илгээхдээ би тэр нэгэн учралыг дурсаасай гэж л хүсдэг байлаа. Чи хүүгээ хэзээ ч мэдээгүй. Хэрвээ мэдсэн бол чи хүүдээ хайртай байж болох байсан, чамаас хүүгээ нуусандаа одоо л гэмшиж байна. Чи хөөрхий хүүгээ хэзээ ч хараагүй. Яг л чинийх шиг бодлогоширсон том хар нүдээрээ хэрхэн инээдэг байсныг чи нэг ч хараагүй. Баяр хөөр гэрэлтсэн нүд нь надад бүхнийг оролдогсон. Тэр чинь ямар энхрий хөгжилтэй хүү байв даа. Чиний дүрэлзсэн шаргуу зан чиний юм бүхэн түүнд шингэсэн байлаа. Хүү минь бүтэн цагаар ч хамаагүй ямар нэгэн тоглоомоор өөрийгөө саатуулж (яг л чиний амьдралаар тоглодог шиг) дараа нь ном уншихдаа хөмсгөө зангидан анхаарлаа төвлөрүүлж удаан суудагсан. Хүү чинь чамайг дэндүү дуурайсан юм шүү. Хүүд минь хоёрдмол хөнгөн, буурьтай зан чанар аль эртнээс бүрдэж, миний ухаан алдан дурлаж байсан чамайг давтсан юм шиг санагддаг байсан. Хүү минь сайн сурдаг, францаар шаазгай шиг шулганадаг, дэвтрүүд нь хамгийн цэвэрхэн байдаг байлаа. Хар хилэн костюм, усан цэргийн цагаан хүрэмтэйгээ тун ч аятайхан харагддагсан. Градогийн наран шарлагын газар хүүгээ зугаацуулж явахад хүүхнүүд түүний минь шаргал үсийг илж, гуалиг сайхныг нь шагшдаг байсан. Земмерингэд чаргаар гулгахад нь хүмүүс түүнийг бахдан хардаг байв. Хүү минь тийм хөөрхөн энхрий амьтан байсан юм. Өнгөрсөн жил Терезанумын дотуур байртай сургуульд ороод, тэндээс тавьж өгсөн дүрэмт хувцсаа өмсч бяцхан сэлмээ зүүчихээд байгаа нь XYIII зууны үеийн язгууртны цэргийн сургуулийн сурагч шиг харагддаг байсан. Гэтэл одоо хөөрхий минь гараа цээжин дээрээ зөрүүлээд уруул нь хөхөрчихсөн хэвтэж байна. Чи надаас хүүгээ яаж тийм дээдсийн зиндааны хүмүүжлээр хүмүүжүүлж тийм санаа амар хөнгөн амьдралаар бялхуулж байсан юм бэ гэж асуух байх. Гэвч би чамтай нүүр тулж суугаад ярьж байгаа биш болохоор ичихгүй байна. Хайрт минь бүү айгаарай. Би биеэ худалдаж байсан юм. Чиний хүү баян тансаг амьдралд булхаж чиний зэрэгт өсч, чиний амьдарч байгаа тэр л хүрээнд амьдраасай гэж би хүссэн. Зөвхөн үүний төлөө л би биеэ худалдсан юм. Энэ явдлаа би бузар булай юм гэж бодоогүй. Учир нь миний биед ойртсон чи л надад хамаатай цорын ганц хүн байсан бөгөөд бусдын хувьд энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй. Ямар ч утга илэрхийлдэггүй байсан юм. Эрчүүд намайг үнэн сэтгэлээсээ хандан энхрийлж байсан ч би тэднийг хүндэтгэдэг байсан хэдий ч би өөрийнхөө хязгааргүй хайр сэтгэлээс өөрийг бодож тэвчдэггүй байлаа. Миний таньж мэддэг хүн бүхэн намайг хайрлаж хүндэтгэдэг байсан юм. Нэг хижээл насны бэлэвсэн гүнтэн намайг төрсөн охин шигээ хайрлаж хүүг минь Терезаниумын гулгуурын талбай руу авч явах гэж босгыг минь элээх шахдаг байлаа. Намайг гэрлэе гэж гурав дөрвөн ч удаа гуйсан. Хэрвээ тэгсэн бол би гүнтний хатан болж Тирол дахь үлгэрийн юм шиг харшид залран сэтгэл төвдөх юмгүй, хүү минь ч сайхан сэтгэлтэй хүндэт эцэгтэй, би тайван дөлгөөн сайхан ханьтай болж болох л байсан. Би түүний сэтгэлийг хүлээж аваагүйгээрээ хөөрхийг ямар их зовлонд унагаснаа харсаар байж зөвшөөрөөгүй. Хэрвээ би тэр үед чамтай хэзээ ч таарсан сул чөлөөтэй байх ёстой гэж бодож байгаагүй бол өдийд хаа нэгтэй газар амар жимэр сууж хүү минь ч ээжтэйгээ хамт байж л байх байсан даа гэж бодогдох юм.

Хүүхэд наснаасаа мөрөөдсөн чамтайгаа хэзээ нэгэн цагт заавал уулзана, чи намайг дуудна гэдэг бодол сэтгэлийн минь мухарт үргэлж байсаан. Тиймээс чиний анхны дуудлагаар ч чам дээр очиход ямар ч татлаа түлхээгүй чөлөөтэй байхыг хүсч байв. Аль хүүхэд байхын л миний хүсэл бүх л амьдралынхаа туршид чамайг хүлээсэн хүлээлт байлаа. Хүсэн хүлээсэн цаг минь ч ирлээ. Гэвч тэрний тухай чи юу ч мэдэхгүй шүү дээ. Хайрт минь. Тэр үед чи намайг бас л таниагүй одоо бол бүр хэзээ ч мэдэхгүй. Би урьд нь чамтай театр, концерт, Нратергийн гудамжинд зөндөө л дайралдаж, дайралдах бүртээ зүрх минь шимширдэг байлаа. Чи намайг ердөө ч таньдаггүй байсан. Мэдээж миний гадаад төрх охин байсан үеийнхээсээ асар их өөрчлөгдөж үнэтэй тансаг хувцас өмссөн шүтэн бишрэгчид намайг хаа ч явсан хүрээлж байдаг байсан бөгөөд хүмүүс намайг сайхан хүүхэн гэдэг байсан юм. Тийм болохоор чи намайг бүдэг гэрэлтэй унтлагынхаа өрөөнд харсан туранхай хүүхэн гэж яаж мэдэхэв дээ. Намайг дагалдан явсан эрчүүдийн хэн нэг нь хааяа чам руу толгой дохин мэндлэхэд чи хариу мэхийхдээ намайг зүгээр л найрсаг зангийн үүднээс зэрвэс хараад өнгөрч байлаа. Чиний харц ямар хачин хөндий хүйтэн үл таних харц байдаг байсан гэж бодноо. Намайг танихгүй байдагт чинь би бараг дасаж байтал намайг тэсгэлгүй зовоосон нэг учрал болсныг би санаж байна. Театрт юм үзэхээр очоод лоожинд сууж байтал чи хажууханд сууж харагдав. Хөгжим эхэлж гэрэл унтрахад чиний царай надад харагдахаа болив. Гэвч тэр нэгэн шөнийх шиг чиний амьсгаа ойрхон сонсогдож чиний энхрий зөөлөн гар надаас хилэн хөшгөөр л тусгаарлагдаж байв. Намайг хэзээ нэгэн цагт энхрийлэн таалж байсан энэ гарыг бөхийгөөд шуналтайгаар үнсэх юмсан гэдэг тэсгэлгүй хүслэн намайг эзэмдэв. Сэтгэл түгшүүлэм хөгжмийн ая ухаангүй явдал хийх гэж байсан миний уруулыг чиний гарт хүрэхээс өмнө тогтоон барилаа. Нэгдүгээр бүлгийн дараа би хамт яваа хүнээсээ намайг хүргэж өгөхийг хүслээ. Би чамтай ийм ойрхон харанхуй газар тэвчин сууж чадсангүй. Гэхдээ хүссэн цаг маань ирсэн гэдгийг би түрүүн хэлсэн билээ. Миний нэрвэгдэн сүйдсэн амьдралд сүүлчин удаа тэр цаг ирсэн гэдгийг би хэлэх гэсэн юм.

Энэ бүхэн одоогоос жилийн өмнө чиний төрсөн өдрийн маргааш нь болсон билээ. Хачирхалтай нь би өдөржин чиний тухай бодсон. Яагаад гэвэл би чиний төрсөн өдрийг баяр шиг тэмдэглээд сурчихсан юм. Өглөө эрт сурсан зангаараа гэрээсээ гарч чамд зориулан цагаан сарнай худалдаж аваад тэртээд мартагдсан цагийн дурсгал болгон чамдаа илгээлээ. Өдөр нь хүүтэйгээ хамт гулгаад дараа нь Демелийн амттаны дэлгүүрт оров. Ямар нэгэн баяр тэмдэглэж байна гэдгээ хүүдээ мэдэгдэхгүйн тулд орой нь театрт очив. Маргааш орой нь би тэр үед найзалж байсан Брюинээс ирсэн үйлдвэрийн эзэн залуу найзтайгаа хамт концерт үзэв. Бид хоёр жилийн турш харьцаатай байсан боловч тэр намайг бусдын нэгэн адил хайрлан хүндэтгэж гэрлэхийг хүссэн мөртлөө ямар ч тодорхой шалтгаангүй татгалзсан хариу сонссон нэгэн байв. Надад тусалж, хүү бид хоёрт бэлэг өгч сайн сайхныг хүсдэг боломжийн сайн хүн байсан билээ. Бид концерт дээр танилуудтайгаа тааралдаж хамтдаа Рингштрассе зоогийн газар оройн хоол идэхээр явцгаав. Наргиан цэнгээнтэй байсан тул Габерены бүжгийн танхим руу очихыг би санал болгов. Би тиймэрхүү газар очихоос голдуу татгалздаг байсан учир нь тэнд дэндүү шуугиантай согтуучууд бөөнөөрөө байдаг байсан юм. Гэтэл намайг тайлбарлахын аргагүй нэг хүч тийш нь чангааж найз нар маань ч уухайн тас зөвшөөрлөө. Яагаад дургүй юмандаа дурлаад байгаа гэдгээ би өөрөө ч мэдээгүй боловч тэнд хэн нэгэн хүн намайг хүлээж байгаа ч юм шиг нэгэн үл үзэгдэх хүчин намайг тийш нь хөтөлж байлаа. Миний хамт явсан нөхдүүд намайг ихэд хүндэтгэдэг болохоор тэр дороо л босож Габарен руу явцгаав. Тэнд шампаан дарс ууж, би урьд хэзээ ч байгаагүй галзуу юм шиг аашлан хөгжиж байлаа. Ямар хөгжилтэй байсан гэж санана. Би уугаад л...шалиг дуу дагаж дуулаад л...хэрвээ жаахан л удсан бол босоод бүжиглэх юм уу, эсвэл танхим дүүрэн тачигнатал хөхрөхөд бэлэн байсан. Гэнэт би чамайг олж хараад галд хайрагдсан ч юм шиг, мөсөнд хайруулсан ч юм шиг зүрх минь хачин оргиод явчихыг мэдрэв. Чи хажуу талын ширээнд нөхөдтэйгээ суучихсан намайг өнөөх л сэтгэл зүрхийг минь булаасан хүсэл шингэсэн тэр л харцаараа шимтэн ширтэж харагдах нь тэр...

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:




:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax